Wednesday, April 13, 2011

Буриад Балтахинов Ар Монголд анархист үзлийг дэлгэрүүлж явжээ

Буриад анархистууд Ар Монголыг чөлөөлөлцсөн

Анархизм гэдэг үзэл ХХ зууны эхээр маш хүчтэй дэлгэрч байв. Төр гэдэг дарлал юм, тиймээс дарлалгүй нийгэм төргүй, бүх зүйл сайн дураар байх ёстой гэх үзэл л дээ. Монголчуудын дунд ч анархист байжээ.
Тэдний нэг бол буриад монгол Павел Балтахинов юм. Тэрбээр Эрхүү орчмын Дунда-Айл улуст, малчин Цэрэнпилийнд төржээ. Байгаль нуурын баруун биеийн буриадууд христийн шашинд нэлээд орсон байдаг. Тиймээс эцэг эх нь Павелыг Эрхүүгийн шашны сургуульд оруулжээ. Сургуульд нь тоо заадаг, Мельников гэх цөллөгийн орос Павелыг анархизмд оруулжээ.
1917 оны 2-р сарын эсерүүдийн хувьсгалын дараа, Эхирит-Булагат, Дээд Лена аймгуудад шинэ засгийн сонгуулийн зохион байгуулалтад оролцов. 1917 оны 10-р сарын большевик эргэлтийг (Октябрийн) дэмжив. Анархизм коммунизмд төстэй зүйл бий. Тиймээс анархистууд большевикуудтай хамтран ажиллаж байв.

Иргэний дайны үед Колчакийн эсрэг нууц байгууллагын үйл ажиллагаанд оролцов. Манай Хатгал руу зугтан ирж, хамаатан Балган Бардамовынд орогнов. Тэгэхдээ анархист суртал ухуулгыг монголчуудын дунд явуулж байлаа. Хөвсгөлийн буриад, монголчуудаас хэдийг дагуулаад 1919 оны 8-р сард Буриадад очив. Анхны буриад анархист отрядыг байгуулж, цагаантны эсрэг тэмцэв. 50-60 хүнтэй байлаа (1920 оны эх).
Домогт анархист Нестор Каландаришвилитэй танилцаж, хүчээ нэгтгэв. Бүс нутагт анархистууд багагүй хүчтэй байлаа. Тряпыцины 4000 хүнтэй анархист отряд Николаевск-на-Амуре хотыг сүйтгэсэн дуулиан буй. Хотыг эзэлж, цагаантан япончуудыг гэр бүлээр нь хядаж байв (Японы 350 цэрэг, 450 иргэн байлаа). Япончуудад бут цохиулж ухрахдаа, түймэр тавьснаас болж, хот газрын зургаас хасагджээ. Хамгийн мулгуу анархист гэж тэр түүхэнд тэмдэглэгдсэн.
Балтахиновын отряд цагаантны эсрэг Эрхүүгийн бослогод оролцсон. Колчакийн генерал Каппельтэй большевикуудын хамт байлдсан. Большевикуудтай холбооцов. Зима-гийн, 5-р, сайн дурын, Новокшоновын морьт хорооны комиссар болж семёновчуудтай тулалдлаа. Унгернчуудтай ч үзэлцжээ.
Ангар аймгийн цэргийн комиссар болов. Тэр үндэсний үзэлтэй болж, Буриадын эрх чөлөө, автономийн төлөө их дуугардаг боллоо. Аймагт нь А.Амагаев, В.Чернов, Донской, Шелопухин нарын казак атамануудын толгойлсон бослого гарч большевикийн талынхныг хайр найргүй хядаж эхлэв. Тэдний эсрэг 367 буриад сайн дурынхан, 250 армийн албан хаагчийг багтаасан Санкуевын отрядыг байгуулахад оролцож, комиссар нь болж явав.
1920 оны эцсээр, Балтахиновыг гэртээ ирээд байхад Донской атаманыхан бүсэлжээ. Буудалцаанд шархадсан түүнийг буриад И.Андаев хороосон аж.
Монголыг цагаантнаас чөлөөлөхөд Некунде Байкалов тэргүүтэй анархист оролцсон. Тэр латви хүн бөгөөд, Байкалов нь хожим өөртөө зохион авсан овог. Байкаловын отрядад буриад анархистууд байсан юм. Монголыг чөлөөлөх үйлсэд буриад казакууд, эсерүүд, большевикууд, панмонголистууд, “улаан цагдаа” төдийгүй анархистууд оролцсон болой.
Ч.Мөнхбаяр

No comments: